Monday, May 30, 2011

Сайн байна уу, зун :)

Тиловало хичээл, шалгалтаа дуусаад ажилдаа эргэн оров. Гурван сар ягаан байшин руу очихгүй.  Аан тийм, бас манай хөөрхөнөө хэд хоногийн өмнө надад чихэр өгсөн юм байна. :) Удахгүй зургийг нь тавина аа. За одоо гол ажилдаа орно оо. "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт сэтгүүлч Ж.Солонго ийн бичжээ: (Зөвшөөрлийг нь авч орууллаа)
                                                  Сонголтгүй амьдрал
Томруулдаг шилээр харвал тэд гажиг. Харин энгийн нүдээр харвал бидэнтэй ижил хүн.
Ж.Солонго
Эрчүүд бие биенээ “гомо юм шиг” гэж элэглэж байхыг сонслоо. Өнгөц харвал ижил хүйстнээ сонирхох нь өвчин мэт боловч энэ бол тэдний хийсэн сонголт биш. Нэг үеэ бодвол бэлгийн чиг баримжааны тухай олон хүн мэддэг болсон учраас лесби, гей, трансжендер, бисексуал (ЛГБТ)хүмүүсийн талаар тийм ч их муугаар ярихгүй байгаа нь сайшаалтай. Хэдэн жилийн өмнө энэ тухай ярих нь ичгэвтэр хэрэг байлаа. Тухайлбал надтай нэг ангид сурдаг хүү өөрийгөө гей хэмээн зарлаж, гей миссийн тэмцээнд оролцож байх үед би түүнийг таньдгаасаа бараг ичдэг байлаа. Хамт ажилладаг хүмүүсийн  “Хүүе танай ангийн ... чинь нөгөө Энхриймаа байсан юм уу” гэх хачин асуулттай тулгарахдаа ангийн хөвгүүнээ “тэнэг амьтан” хэмээн сэтгэлдээ зэмлэж байв. Харин дараа нь сэтгэлзүйч найз минь ЛГБТ нар бидэнтэй л ижил хүн, харин бэлгийн чиг баримжаа нь биднийхээс өөр гэдгийг сайтар тайлбарлаж өгсөн.
Ижил хүйстнээ сонирхох нь гаж хүсэл биш. Тэд ч бас дурладаг
Өөрийгөө ил тод зарласан ижил хүйстэн болон транс охид, хөвгүүдээс гадна ийм байдалтайгаа эвлэрдэггүй олон мянган залуус бидний дунд амьдарч байна. Тэд бусдын хэл амны бай болж, эцэг эхийнхээ нэрийг хугалахаас эмээн бусдын адил гэр бүл зохиодог ч сэтгэл хангалуун байж чаддаггүй.
Анх ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчин хэмээн үзэж байсан ч 1990 оны тавдугаар сарын 17-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчнийг жагсаалтаас хасчээ. Тиймээс эл өдрийг International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэх болжээ. Ижил хүйстэн хүмүүс, ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг ялгаварлан гадуурхах, үзэн ядах, тэднээс айх явдлыг гомофоби, төрсөн хүйсээсээ өөрөөр өөрийгөө илэрхийлж буй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийг трансфоби хэмээн тодорхойлдог аж.
Харин миний дээр дурдсан ангийн хүү минь трансжендер байсан юм билээ. Одоо тэрбээр Нидерландад амьдардаг болсон. Монголын ЛГБТ төв болон Нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэйгээр тус улсад цагаачлан өөрийн хүссэнээрээ амьдарч байна. Бага байхаасаа найзууддаа “охин шиг” гэж хочлуулж, сэтгэлээр унадаг байсан ч хожим нь өөрийн бэлгийн чиг баримжаатайгаа эвлэрч, бусдын л адил гэдгээ ухаарчээ. Одоо бол тэрбээр хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн гэр бүлээ төлөвлөсөн транс бүсгүй. Мэдээж монголд энэ чигээрээ амьдрахад хялбар биш байсан учраас тэр гадаадад цагаачилсан байх. Түүний хөтөлдөг блогт зочилж, хэрхэн нийгмийн дунд хөлөө олохгүй бэдэрч, олны хэл амнаас зугтан, нуугдан амьдарч байсан тухай нь уншив. Тэр бусдын адил дурласан. Мэдээж эмэгтэй хүнд биш эр хүнд. Анх найз залуугаа гэртээ хэрхэн оруулсан  тухайгаа “...За ямар ч байсан найз залуугаа гэрийнхээ хаалгаар орууллаа. Халуун хоол өглөө, цай уулгалаа. Гоё хоол болжээ гэж байна. Хэчнээн гей байлаа ч ганц удаа ч болов бусдын адил, бусад эрэгтэй эмэгтэй хосын адил үйлдэл хийж чадсандаа урамших шиг...Тэгснээ яагаад ч юм айлын эзэгтэй болчихсон юм шиг гал тогоо хавиар эргэлдэж, аяга таваг угаав. Миний хань хэвтэж амар л даа гэж хэлбэл яах бол гэж бодсоноо гэнэт инээд хүрээд ганцаараа инээх. Сонин, гоё мэдрэмж байсаан тэр бүгд” хэмээн бичсэн байв.  
Монголд гэр бүл, үр хүүхэдтэй болж амьдрал зохиосон гей хүмүүс олон байдаг аж. Тэд бүгд сэтгэлзүйн хүнд дарамтанд аж төрж, бусдад энэ тухайгаа хэлж чадахгүй шаналж яваа. Угаасаа тэднийг ийм бэлгийн чиг баримжаатайг нь мэдэхгүй гэр бүлийнхэн нь ЛГБТ хүмүүсийн талаар "муусайн гаж донтнууд" гэж дэргэд нь доромжилдог учраас нуугдмал байхыг илүүд үзнэ. Тэгэхээр дэргэд чинь яг хэн амьдарч байгааг мэдэхгүй хэрнээ өөртөө гэм хийгээгүй хүнийг сэтгэлийг хорон үгээр “урах” хэрэг бий гэж үү. Яг ийм сэтгэлгээ бидний дунд элбэг байгаа учраас Монгол Улсад амьдарч буй олон мянган лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор 2009 онд ЛГБТ төв байгуулагдсан юм билээ.
Эмэгтэй байх хүсэлтэй ч эр бие заяав
Сэтгэл судлаач Жорж Вайнберг 1972 онд анагаах ухаанд “Homophobia” хэмээх үг хэллэгийг оруулж, үүнийг ижил хүйстнээ сонирхон тэмүүлэх нэг ёсны сэтгэцийн өвчин хэмээсэн байдаг. Мөн зарим судлаачид XX зууныг  ижил хүйстнүүдийн цэцэглэлтийн үе хэмээн тэмдэглээд, энэ нь  дэлхийн II дайны үеийн бөөнөөр нь хорих газар, Зөвлөлт засгийн засан хүмүүжүүлэх газар буюу ГУЛАГ, Америкийн  айлган сүрдүүлэх бүлэглэл  маккартизмтай шууд холбоотой хэмээн дүгнэсэн байдаг. Тэднийхээр бол магадгүй хүсвэл гей, лесби, трансжендер, бисексуал болж “шоудах” боломжтой гэсэн үг. Гэтэл хэвийн бэлгийн харьцаанд сэтгэл хангалуун байдаг хэнийг ч хүчээр лесби, гей болгох боломжгүй. Түүн лүгээ адил нэгэнт ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай төрсөн хүнийг хүчээр өөрчлөх боломжгүй. Энэ тохиолдолд хэвийн, хэвийн биш гэдэг үг хэрэглэх нь зохимжгүй байх. Нэг нь эсрэг хүйстнээ, нөгөө нь ижил хүйстнээ сонирхдог л гэсэн хоёр ангилал шүү дээ.
Олны танил эрхмүүдийн дунд ийм чиг баримжаатай хүн олон. Өндөр хөгжилтэй улс оронд тэднийг хууль ёсоор гэр бүл болохыг зөвшөөрдөг учраас тэдэнд айдас үгүй . Эртний Македоны хаан Александр, поп дуучин Элтон Жон, жүжигчин Линдси Лохан гээд нэрлэвэл урт жагсаалт бий болно. Дэлхий нийт тэдний авьяас чадварыг үнэлдэг учраас бэлгийг чиг баримжааг нь онцгойлон шүүмжлээд байдаггүй. Угаасаа энэ бол томруулдаг шилээр тодруулж хараад өөнтөглөөд байх гаж хүсэл биш. Төрөлхөөс заяасан биеэ өөрчилж эмэгтэй болох гэж тэмүүлж яваа транс охидыг олон нийт бүр илүү буруутгадаг ч тэдэнд эмэгтэй хүний зүрх, сэтгэл, эр хүний бие заяасан ийм зөрчил үүсдэг гэдгийг тунгаан бодож үзээрэй.  
Тэд таны хайртай хүн хэвээрээ
Таны ойр дотны хэн нэгэн гей, лэсби, бисекс, трансжендэрийн аль нэг нь гэдгийг олж мэдсэн үедээ сайн тунгаан бодоод “Тэр аав, ээж, ах, дүү нараа таньж байна уу?, Таны тухай бүх дурсамжаа санаж байна уу?,  Дотнын хүмүүсээ хайрладаг хэвээрээ юү?, Хийж чаддаг байсан ажлаа огт хийж чадахаа больсон уу? Жишээ нь, тэр багш хүн байсан бол хичээл зааж чадахаа больж, эмч байсан бол хүн эмчлэх арга ухаанаа мартсан уу?, Тэр инээдэг үү?, Тэр уйлдаг уу?, Тэр хоол иддэг үү, унтдаг уу?, Тэр ямар нэгэн зүйлээс айдаг уу, ичдэг үү?” гэж өөрөөсөө асуугаарай. ЛГБТ нар бэлгийн чиг баримжааны хувьд танаас ялгаатай байж болох ч тантай л адилхан уйлдаг, инээдэг, боддог,  ярьдаг, ажилладаг, хайрладаг, айдаг, ичдэг хэвээрээ байгаа.
ЛГБТ нар хэт олширвол хүн амын өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх аюултай боловч тэднийг ийм болж төрсөнийх нь төлөө ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэд ардчилсан нийгэмд өөрсдийн эрхээ эдлэхээр тэмүүлж яваа цөөнх. Аллах, Будда, Есүс Христийг шүтлээ гэж бид нэгнээ ялгаварлаж болохгүйтэй ижил сонголтгүй амьдралд хөл тавьсан тэднийг бүү буруутгаарай.

3 comments:

Anonymous said...

nadaa lav niigmin setgelzui huleen zuvshuuruh boloogui sanagdaad bdiishd..lgbt humuus ehelj uursduu uursdiigu huleen zuvshuuruh heregtei bhgui bhaa..gehde eudku de 5 jilin daraal shal uur bno

Anima said...

Enkhriimaa-giin blog der bichsen zuil-s ish tatsan bn.

Za tr yahav. USA yvahaas omno oilgodoggui bsiin. oir toirond LGBT hun bdgu uchir tdniig busdiin amaas sonsdog shg taashaadaggui bsn ch hojim n USA-d hamt ajilladag olon ch hun, olon nzuud mani gay, bisexual bsn n ndad ogthon ch sorog setgegdel toroogui tuuger ch ul baram tedniig oilgoj omooroh bolson.

khilengal Gal said...

эрэгтэй эмэгтэй гэдэг биеийн хэлбэр дүрсээр биш "хүн" өөрийгөө хэн гэж мэдэрч байгаагаар тодорхойлогдоно. /LGBT/