Friday, December 31, 2010

Где моя любимая?



Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай.


Аюурын энэ мөртүүдийг Төв номын санд өнгөрсөн хавар анх уншиж байсан юм байна. Дулаарч байна гэж баярлаж байсан маань тэгэхэд ор мөргүй л арилчих шиг болж билээ. Өмнөх жил тийшээ хичээлээ хийх гэж ордог байсан ч хэзээ ч хичээлийн номоо уншиж байгаагүй. Дандаа уран зохиолын ном захиалчихдаг байсан юм :p . Набоков, Вольтер, С.Анудар, Өлзий, Аюурын олддоггүй анхных нь номууд гээд л. Харин сая 2046-47.blogspot-оос энэ шүлгийг дахиж уншлаа. Одоо уншихад анхны сэтгэгдэл шиг гуниг төрөхгүй байна. Энэ хүйтэн, цагаан биш саарал өвөл удахгүй дуусна.Хавар, зун, намар...дахиад л өвөл. Цаг мөч ингээд л урсаад байна. Тэр бүгдийн хойноос гуниглалаа гээд яах ч юм билээ. Эсвэл гуниглах дуртай хүмүүс ингээд л нэг шалтаг олчихдог ч юм бил үү. Ингэхэд ер нь гунигийг хэн сөрөг, муухай, “биш” мэдрэмжийн жагсаалтад оруулсан юм бэ, ммм? Хэн ч тэгсэн бай бид нар өөрсдөө л жагсаалтаа зохиож болох юм чинь. Гуниг бол сайхан мэдрэмжүүдийн нэг. Гунигийн араас зайрмаг, чупс, сайн кино, сайхан шүлэг, “Шөнийн галт тэрэг”-ийн “Цэнхэр шувуу”, хөтлөлцөн алхах, үнсэлт, тэврэлт, дулаан үгс зэрэг эд зүйлс болоод үйл хөдлөл орно. Гэхдээ эерэг мэдрэмжийн жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цааш тасралтгүй үргэлжилнэ. Үргэлжлэл нь алхам бүрт  тасралтгүй баяжинааа. Нэг жилийн өмнөх “Гоодаль”-ийн хуудаснаас “Шинэ он. Шинэ алхам. Алхам бүр ялалт” гэснийг уншсан. Алхам бүр ялалт. Нэг алхам бас нэг алдаа. Заримдаа ононо. Алдаа хүртэл ялалт. Үргэлж ялна, би, бид, бүгд. Үгүй ядахдаа л алдаан дээрээ суралцах нь нэг ялалт гэж бодоод л өөрсдийгөө тайвшруулах. Арга ядсан ч юм шиг. Хөөрхий дөө би, бид. Заримдаа. Харин яг одоо бол Бадар-Ууган сонсож, хар кофе ууна. Жаахан гашуувтар. Арай ихдүүлчиж. Эсвэл чихэр нь багадаж. “Яг одоо” гэдэг ч эргэлзээтэй. Ингэж бичихтэй зэрэгцэн, “одоо” надаас холдож...Ирээдүй дэргэд отно. Хүлээж бай, одоохон. Цаг цаг цаг-чаг чаг чаг. Тэд нар цагтай уралддаг гэсэн. Харин би цагыг тоохгүй ээ. Зүгээр л хийх ёстойгоо, заримдаа дуртай юмаа хийнэ. Тэрнээс биш цагтай ч, тэд нартай ч уралдаж гүйх хүсэл алга. Өмнө нь хойно нь орох хэнд хамаатай юм? Нэгэнт алга болохоос хойш ямар ч ялгаагүй. Юу ч хийж, яаж ч байлаа гэсэн үхнэ. Тийм болохоор амьдарч байгаа энэ үедээ хүссэнээрээ байх. Амт бүрийг мэдрэх. Зөв бурууг нь мэдэхгүй. Гэхдээ маргааш өөрөөр ярьж ч болно.
Бадар-Ууганы дуунууд их гоё юмаа. Чихээр дамжаад зүрх рүү нэвтэрч, тэгснээ бүх биеэр тархах, мм? Дотно аялгуу. Тансаг үгс. “Саргүй шөнийн сувдан шүүдрийг шимсэн цэцэгс сэрүүн байна. Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг сэрүүн цэцэгс сонссон болов уу”, “Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө. Хонгор жаахан чамтайгаа би ай хө, ханилахын заяа ч дутлаа даа хө”, “Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ”, “Я спросил у ясенья, где моя любимая”. Где, где, где?

1 comments:

хэн said...

mmmmmmmm.............;)